Орчин үеийн архитектурын түүх номын тэмдэглэл
Э.Пүрэв-Эрдэнэ 2019 он
Монгол хэл дээр архитектурын номнууд маш цөөхөн байдаг. Ихэвчлэн гадаад хэл дээр ном унших шаардлага их гардаг. Монголдоо архитектурын чиглэлээр ном бичдэг хүмүүс ч цөөхөн шүү дээ…. Ном бичдэг хүмүүс судалгаан дээр үндэслэж мэргэжлийн үг хэллэг,орчуулга, агуулга гээд бүхий л зүйлийг нарийн нягт нямбай бичдэг учраас оюуны хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээ дэмжиж урамшуулж, өөртөө хөрөнгө оруулалт хийж ҮРГЭЛЖ ТАРХИА ЦЭНЭГЛЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. :) Бидний эзэмшиж буй архитектур мэргэжлийн хувьд олон талын мэдлэг, мэдээллийг үргэлж авч байхыг шаарддаг ч оюутнууд бид ном уншдаггүйд гол учир нь байна. Энэ удаад номын тэмдэглэлээрээ орчин үеийн архитектурын түүх номыг та бүхэнд хүргэе.
Юуны түрүүнд бид дэлхийн архитектурын түүх, монголын архитектурын түүх, орчин үеийн архитектурын түүхийн талаар мэдлэгтэй байх нь чухал юм. Дэлхийн архитектурын түүхтэй монголын архитектурын түүхийг харьцуулан унших нь илүү үлдэцтэй, сонирхолтой болов уу?
Жишээ нь уг номын модернизмын хэсэгтэй монголын архитектурын түүхийг холбож ярьвал Урт цагааны барилга бол Монголын орчин үеийн модернист загвартай анхны барилгуудын нэг юм. Энэхүү барилгыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх нэгдүгээр ерөнхий төлөвлөгөө (1954–1961 он)-ний үед монголын ууган архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр 1958–1961 онд “Үйлдвэр хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн барилга” нэртэйгээр барьж байгуулжээ. Урт цагааны барилгыг барихдаа монголын уламжлалт архитектурын элемент (сүм хийдийн тэг дөрвөлжин зохиомж, гонх буюу саравч, цонхны хуваалт)-үүдийг орчин үеийн архитектурын хэв шинжтэй (Ле корбюзье 1927 онд өөрийн боловсруулсан “Шинэ гоо зүйн үндэс”-ээ тунхагласан ба энэ нь 5 элементээс бүрддэг. Үүнд төмөр бетон шон эсвэл пилоти, хавтгай дээвэр, даацын ханананаас чөлөөлөгдсөн байгуулалт, туузан цонх, фасадын чөлөөт зохиомж зэрэг орно) хослуулсан нь дахин давтагдашгүй болгосон гэж архитекторууд үздэг. Харамсалтай нь энэхүү түүхэн барилгыг нураах шийдвэр гараад удаж байна…
Энэ мэтчилэн харьцуулалт хийж ойр байдлаар мэдээллийг боловсруулвал номноос авсан мэдлэг нь илүү үлдэж монголын архитектурын түүхээ давхар судлах боломжтой бөгөөд олон ургалч бодлыг төрүүлэн үндэсний сэтгэлгээний онцлог болон өөр архитектурын урсгал чиглэлийг ашиглан төлөвлөж буй барилгадаа тусгаж байх нь чухал. Гаднынхны хийж буй зүйлээс санаа авсан ч Монгол архитектурын хэв шинж, төлөвлөлтийн онцлогийг харуулж байх. Бид дизайны хичээл дээр олон янзын барилга төлөвлөдөг ч яг ямар урсгал чиглэлд хамаарагдах, өмнө нь хийгдсэн эсэх зэрэг нарийн судалгаагүй төлөвлөдөг.
Өөрийгөө энэ талаараа давхар хөгжүүлж судалгаа хийх юм бол дизайн дээр төлөвлөлт хийх үед илүү нарийн, деталь хэсэгт ажиллаж чадна. Мөн шинэ санаа гаргах боломжтой.
За тэгэхээр номын тэмдэглэл хэсэг рүүгээ оръё :))
Орчин үеийн архитектурын түүх номын тэмдэглэл
Дэлхийн архитектур, хот төлөвлөлт, дизайны хандлага хувьсан өөрчлөгдөж маш олон урсгал чиглэлийг бий болгосны зарим нь түүх болон үлдсэн бол зарим хэсэг нь өнөөдрийн контемпорари үетэй зэрэгцэн хөгжсөөр байна. Орчин үе гэдэг хүн төрөлхтний олон мянган жилийн түүхтэй харьцуулахад сүүлийн 200 шахам жилийн түүх байж өнөө цагийн технологийн үсрэнгүй ололтууд энэ хөгжлийг улам хурдасгаж байна.
Хэдий шинжлэх ухааны хөгжил гайхамшигт үр дүн өгч байгаа ч түүнийг биежүүлэн бодит ажил болгох нь архитектор болон инженерүүдийн зөн совин, өргөн мэдлэг туршлагаас хамаарна.
Орчин үеийн архитектурын түүх ном нь орчин үеийн архитектурын үүсэл, урсгал чиглэл, онцлог, чиг хандлага, модернизм буюу олон улсын урсгал, модернизмын дараах үеийн архитектурын урсгалын талаар товч тодорхой бичигдсэн. Үүнээс гадна номд ашиглагдсан архитектурын холбогдолтой үгсийн тайлбар номын ард хэсэгт бий. Ширээний ном болгохуйц чухал ном юм.
1.Номын эхний бүлэгт орчин үеийн архитектурын үүсэл, материал , урлаг болон гар урлалын хөдөлгөөн, шинэчлэл, модернизмын эхэн үед үүссэн архитектурын олон урсгал чиглэлийн талаар гардаг. Орчин үежилт шинэ архитектур хэв маягт хөтлөхөд гурван үйл явц хүчтэй нөлөөлсөн бөгөөд 1. Гэгээрэл оюун санааны өөрчлөлтийг авч ирсэн Франц хувьсгал /1789–1799/ 2. Аж үйлдвэрийн хувьсгал/ XVIII зууны эхэн үе/3. Эрчимтэй хотжих үйл явц юм. Хотжилт архитектурын ололт, технологийн дэвшил нь бараа таваар, мэдээллийг хил хязгааргүй түгээж тухайн эрин үеийнхээ онцлогийг тодорхойлох бөгөөд бусдаас илүү байх гэсэн үндэстэн хоорондын тэмцэлд хөтлөв. Харьцангуй энх тайван байсан улс XIX зуун дуусахад европын улс орнуудын өрсөлдөөн улам ихсэж 1914 онд дэлхийн нэгдүгээр дайн дэгдэв. Дэлхийг хамарсан энэ дайны жилүүдэд үхэл хагацал, эвдрэл сүйрлийг дагуулж нийгмийн хувьд урлагийг бодит байдлаас холдуулж бодит бус хийсвэр амьдралд чиглүүлэв. Эдийн засаг нийгмийн өөрчлөлт нь XX зууны эхэн үед Европ болон хойд америк улсуудад бүхэлд нь нөлөөлж урлагийн шинэ урсгал, хэв маягуудыг хэлбэршүүлэн хөгжүүлсэн. Энэ нь үйл явц шинэчлэл нь архитектурын олон урсгал чиглэлүүд бий болоход нөлөөлсөн юм. Олон урсгал чиглэлийг нь дурьдвал Арт ноува, архитектураас ангид Кубизм, Чехийн кубист архитектур, Экспрессионизм, Футурист архитектур, Оросын авангард, Арт деко архитектурын үүсэл, онцлог, зорилго, хэлбэр хийц онцлох төслүүдийн талаар бичигдсэн.
Нэгдүгээр бүлгийг нэгтгэн дүгнэвэл XVIII-XIX оюун санааны өөрчлөлт, модернизмын эхэн үед хотжилт, аж үйлдвэрийн хувьсгал нь архитектур хот төлөвлөлт ихээхэн нөлөөлж эхэлсэн бөгөөд модернизмыг эхлүүлэх гол хүчин зүйлүүд болсон юм. Улс орнууд өөрсдийн орны онцлог шинжийг агуулсан барилга байгууламжаараа өрсөлдөж удаан хугацааны туршид барилгад ашиглагдаж байсан мод, чулуу, тоосго гэх мэт барилгын материалуудаас гадна төмөр, цайр, ган, шил бетон зэрэг материалуудыг ашиглаж эхлэснээр архитектурын шинэ дүр төрхийг бий болгож эхэлсэн. ХХ зууны эхэн үед дайны дараа урлагт томоохон өөрчлөлт гарч архитектурын олон урсгал чиглэл болон хөгжиж эхэлсэн.
Харин номын нэгдүгээр бүлэгт гарч буй орчин үеийн архитектурын эхэн үеийн түүхтэй Монголын архитектурыг харьцуулан дүгнэвэл Монгол улс 17-р зууны сүүлчээс Манж Чин улсын дарлалд хүчтэй орж биднийг хяналтандаа авах зорилгоор буддизмыг идэвхтэй дэмжиж эхэлсэн. Улмаар Буддын шашны сүм дуган ихээр барьжээ. 1830-аад оноос Манж Чин улс эдийн засгийн хямралд орон Буддын шашны сүм дуган барихад зориулсан санхүүжилт буурснаар Монголчууд барилгад нүсэр чимэглэлтэй, суурин соёл иргэншилтэй орнуудын архитектурын хэлбэрийг ашиглахаа бараг больж өөрсдийн боломж нөхцөлтэй уялдуулан Монголын архитектурын уламжлалт хэлбэрийг буддын шашны шинэ баригдах сүм дугануудад хэрэглэсэн.
Монголын уламжлалт загвар нь монгол гэрийн ерөнхий шинж төрхийг хадгалсан, элдэв нүсэр хээ чимэглэлээс татгалзсан, зөөж өөр байрлалд дахин угсарч болдгоороо бусад орны архитектураас гол ялгаатай байв. . Монгол сүм дуганы загварыг тодорхойлсон концепц гаргасан ба Занабазарын зохиосон Батцагаан нэртэй сүм, дуганы загвар нь бусад орны архитектурын хэлбэрүүдээс ялгаатай.
Дүгнэлт
Дэлхийн улс орнууд уламжлалт материалаас өөр материалуудыг шинээр гарган авч архитектурын шинэ чиг хандлагыг бий болгож байсан бол манай орон Манж чин улсын дарлалд удаан хугацаагаар орж улмаар тухайн улсын архитектурын чиг хандлагыг шингээж өөрсдийн уламжлалт архитектуртай холбон өөрчилж шинэчилж байв.
2.Номын хоёрдугаар бүлэгт модернизм буюу олон урсгалын талаар талаар гардаг. Өмнөх бүлэгт гарч байсан өөр өөрийн онцлогтой урсгал чиглэлүүдтэй ижил цаг хугацаанд өөр нэгэн хэв маяг гарч ирсэн нь Олон улсын хэв маяг байв. Тухайн цаг үед архитектурыг илэрхийлэх ялгаатай хандлагууд бүс нутаг, байршил харгалзахгүй нөлөөлж байсан юм. Модернизмын анхдагчууд өөр өөр чиг хандлагуудыг баримталж байсан. Алвар Аалто, Оскар Нимейер, Фрэнк Ллойд Рэйт…. Неоклассик архитектураас татгалзаж чимэглэл ашиглахаа больж функц ба стиль хоёр хоорондоо гүнзгий холбогдож Модернист дизайны хандлагыг илэрхийлж эхэлсэн тухай бичигдсэн бүлэг юм.
2р бүлгийг нэгтгэн дүгнэвэл Олон урсгал чиглэлүүд удааширч 1925 онд Вальтер Гропиус болон Лудвиг мийс ван дер Роен гаргаж ирсэн Баухаус гэсэн ойлголт модерн архитектурыг тодорхойлж олон улсын стилийг хөгжүүлэхэд нөлөөлж архитектур болон дизайныг олон улсын анхааралд оруулж чадсан. Үүнээс гадна Финландаас Алвар Аалто, Англиас Веллс Коатес, Италиас Гиусеппе Террани нар ба тэдний уран бүтээлүүд ижил хандлагатай байсан. Эднээс хамгийн алдартай нь өөрийн бүтээлүүдээр танигдаж чадсан Ле Корбозье байсан. Шинээр гарч ирж буй архитекторуудын гол онцлог нь өмнөх зуунуудад хүчээ авч байсан Сэргэн мандалтын үеийн архитектур,Готик, Классицизм, Арт ноувагийн дахин сэргэлтээс татгалзаж Функционализмд суурилсан архитектурын хэв шинжийг бий болгохыг зорьж байсан юм. Харин зарим архитекторууд уг чиг хандлагыг хэтэрхий уйтгартай, тааламжтай бус хэмээн шүүмжилж байв.
Номын хоёрдугаар бүлэгт гарч буй орчин үеийн архитектурын түүхтэй Монголын архитектурыг харьцуулан дүгнэвэл 20-р зууны эхэн үе бол Монголын сүм хийдийн барилга байгууламж,уламжлалт архитектурын оргил үе гэж хэлж болно. Энэ үеийн архитектурын дурсгалууд тухайн нийгмийн дээд давхарга буюу хутагт ноёд, сайд, баячууд, шашны байгууллагад зориулагдсан гэдгээрээ онцлогтой. 1911 онд Монголын төр дахин сэргэсний дараа Монголын ноёд хувьдаа тансаг сууц бариулах, томоохон хутагтуудад зориулан шүтээн сүмүүд бариулах явдал улам ихэссэн билээ. Мөн үүний зэрэгцээ Монголын зах зээлд Оросуудын нөлөөгөө тогтоох алхмууд нэмэгдсэнээр Монголд нутагших Орос иргэдийн тоо олширч, тэдгээрийг дагаж Орос, Сибирийн архитектуртай хувийн сууц, худалдааны барилгууд нэмэгдэж эхлэв.
1937 оныг хүртэл Монголд Хятад, Төвд, Энэтхэг, Монгол загвартай барилгуудаас бүрдсэн хүрээ хийдүүд бодитойгоор оршин тогтнож байсан. Тэдгээр суурингууд урд өмнөх Монгол нутагт байсан хот суурингуудаас хавьгүй илүү хотожсон хэв маягтай, байнгын оршин суугчидтай байсан.1940-өөд оноос сүм дуганы барилгуудыг ихэнхийг нь буулгаж, шинээр байгуулагдаж буй социалист бүтээн байгуулалтад зориулсан барилгад материалыг нь дахин ашигласан. Нийслэл хүрээний хуучин төвийн хэсгийн суурин газрын уламжлалт хэлбэрийг өөрчлөн шинэчлэх ажил явагдаж Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгох үйл явц эрчимтэй эхэлсэн.
Дүгнэлт
Дэлхийн чиг хандлага машинжсан гоо зүйрүү эргэж байсан бол Монголчуудын хувьд сүм хийд ихэнх нь устаж Оросын нөлөөгөөр шинэ хотжилт бий болж байв. Ихэвчлэн мод, тоосго, чулуу ашиглаж байсан юм.Гол төлөв конструктивист архитектурын хэв маягаар баригдсан барилгууд дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл хотын төвийн хэсгийн дүр төрхийг тодорхойлж байв.
3.Номын гуравдугаар бүлэгт Модернизмын дараах үеийн архитектурын болох Постмодернизм, Хай-тек архитектур, Деконструктивизм, Минимализм, контемпорари архитектур, сэргээн засварлалтын талаар бичигдсэн. Постмодернизм хөдөлгөөн америкт 1960–1970 онуудад эхэлсэн бөгөөд гол зорилго нь модернизмыг эсэргэцэхдээ түүний дизайнд ашиглагдах хязгаарлалтуудыг буруутгаж байсан. Модернизмын функционалчлал болон эдийн засгийн ашиг харсан чимэглэлээс татгалзсан байдал барилгыг хэт рациональ харагдуулах болсныг онцлог болов. Хөдөлгөөний анхдагчдын нэг Роберт Вентури Мийс Ван дер Роен “Бага байх нь илүү” ( Less is more) гэсэн хэлц үгийг “Бага байх нь уйтгартай” (Less is bore) гэж үзэл бодлоо тодорхойлж чимэглэлийг буцаан авчрах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байв.
Архитекторууд чимэглэлийн араас гашуудах эсвэл үл тоох, эсвэл бүр устгахыг оролдовч тэд алсарч үгүй болохгүй. Эсвэл тийм ч урт хугацаагаар холдохгүй бөгөөд учир нь архитекторуудад түүнийг орлуулж чадах хүч байхгүй… гэжээ.
Хайтек архитектур нь 1970 оноос гарч ирсэн урсгал бөгөөд архитектур модернизмыг шинэчлэх, технологийн дэвшилд тулгуурлаж өмнөх үеийн санааг үргэлжлүүлэхэд оршдог. Деконструктивизм 1980 аад үүссэн постмодерн хөдөлгөөн бөгөөд үндсэн зарчим нь барилгыг олон хэсгүүдэд хуваагдсан мэтээр харуулахдаа зохицол, үргэлжлэл, тэгш өнцөгт бус хэлбэрт оруулан хазайлган, замбараагүй байршуулж гадаргууд зохиомжлон ашигладаг. Минимализм нь 1960-аад оноос урлагын хөдөлгөөн, дизайны нийтлэг урсгал болж ирсэн. Минамилист архитектурыг эрэлхийлэгчид (Тадао Андо, Алберт Баеза, Жон Повсон) энэ аргаар архитектурын мөн чанарыг тодорхойлохыг зорьдог. Контемпорари гэсэн үг нь одоо цагийн, өнөөгийн гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд бүхий л салбарт ашиглагддаг. Контемпорари урлаг нь 1960 оноос одоог хүртэл хөгжиж өнөө цаг үед бүтээгдэж байгаа визуал болон бусад урлагтай хамаарна. Истолэшн урлаг, видео урлаг, интернет урлаг зэрэг уран бүтээлчийн ашиглаж байгаа медиа хэрэгсэлээс хамаарсан контемпорари урлагийн чиглэл олон салж цаг хугацаа, орон зайд хязгаарлагдахгүй хөгжсөөр байна. Шинэчлэл ба сэргээн засварлалт гэдэг нь архитектурын хэрэгцээ түүхийн үе шат тутамд солигддог нь нийгэм эдийн засаг, соёлын шалтгаанаас үүдэх ба тухайн барилгын түүхэн ач холбогдол эсвэл тухайн үеийг илтгэх архитектурын хэв маяг ашиглагдсан арга ,техник технологи барилгын үнэ цэнийг тогтоож байдаг. Үүнээс хамаарч он цаг дамнасан барилгыг буулгаж шинээр барих эсвэл засварлах, шинэчлэн өөрчлөх шаардлага гардаг.
Номын бүлэгт гарч буй тухайн цаг үед Монголын архитектурыг харьцуулан дүгнэвэл архитектурын хэв маягийн хувьд энэ үед неоклассик архитектураар баригдаж байсан.Барилгууд сонгодог загвартай, сүрлэг чимэглэлтэй, ур хийцийг нь өмнөх үеийн барилгуудаас дутуугүй болгохын тулд барууны орнуудын сонгодог архитектурын ур хийцийг давтан хэрэглэдэг болсон ба монголын уламжлалт хээ, уламжлалт архитектурыг шингээж байснаараа онцлог байв. Хот гэх ойлголт Монгол улсад 1970 оноос биелэлээ олж эхэлсэн билээ.
Дүгнэлт
Постмодернизмын чиг хандлага давамгайлж модернизмоо үгүйсгэж байхад манай оронд Неоклассик барилгууд баригдаж байсан ч 1955 оноос эхлэн неоклассик архитектур бага багаар нөлөөгөө алдаж барилга угсрах технологи, угсармал бетон хийцийг цаашид ашиглах болсон. Ингэснээр барилгын хэлбэр загвар ихээхэн өөрчлөгдөж цаашид сонгодог загварын барилга баригдахаа больж Модернизмын анхдагч барилгуудын нэг (дээр дурьдсан) Урт цагааны барилгаас (Бүтээц нь өөр) гадна бусад барилгуудыг Европт хөгжиж байсан модерн архитектурын хэв маягийг Орост шинээр нэвтрээд байсан угсармал төмөр бетоны технологитой хослуулан барилга барих болсон юм.
Номын нэгдсэн дүгнэлт
Орчин үеийн архитектур үүсэж хөгжиж, сайжирч зарим талаараа асуудал дагуулж байгаа ч урт хугацааны эдэлгээ, хэрхэн ашиглагдах, хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх, барилгын материалын чанар, хийц технологи гээд урт хугацааны судалгаан дээр үндэслэж цаашдын чиг хандлагыг тодорхойлж болох юм. Технологийн үсрэнгүй хурдацтай хөгжилд барилгын салбар, архитектурын хэв маяг өөрчлөгдсөөр байгаа билээ. Тэгэхдээ энэ их хурд бидний амьдрах орчинд яаж нөлөөлөх бол… Байгаль орчинд ээлтэй, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын талаар нарийн судлаж мэдэх шаардлагатай. Бид дэлхийн чиг хандлага, урлаг, техник технологи, эдийн засаг, хөгжлийн талаар тархиа үргэлж цэнэглэж байх нь чухал юм шүү.
Орчин үеийн архитектурын номон дээр энэд дурьдагдаагүй, дэлгэрүүлж бичээгүй маш олон зүйл бий. Нарийвчлан уншихыг хүсвэл номноос илүү дэлгэрэнгүй мэдээллээ аваарай. Номын тэмдэглэлээ бичихдээ номноос ойлгосон гол зүйлүүдийн талаар дурьдаж бичихээс гадна тухайн цаг үед монголын архитектурын хэв маягийг харьцуулах маягаар дүгнэлт бичихийг зорилоо. :)
Эх сурвалж : Орчин үеийн архитектурын түүх 2019, Монголын архитектур, хот байгуулалтын түүх (ikon.mn)
Танд блог маань таалагдсан бол CLAP ICON дээр дараарай. Баярлалаа мөн Санал сэтгэгдлээ хуваалуаарай :))